ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ ХОЁРДУГААР ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА




"Геодези, зураг зүйн салбарын ажилтны II зөвлөгөөн" 2019 оны 04 сарын 30-ны өдөр Төрийн ордны их танхимд амжилттай болж өнгөрлөө.
Зөвлөгөөнийг БХБЯ, ГЗБГЗЗГ, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн М.Билэгт, Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх Л.Алтангэрэл, ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр, яамд, агентлагуудын төлөөлөл, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Мөнгөншагай, Монгол Улсын гавьяат барилгачин Б.Рагчаа, Д.Оюунчимэг, нийслэлийн төр захиргааны байгууллагууд, аймгуудын ГХБХБГ-ын дарга, мэргэжилтнүүд, салбарын их, дээд сургуулиудын багш нар, Монголын геодези, фотограмметр, геодези, зураг зүйн холбооны удирдлага, Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн 300 гаруй төлөөлөгч оролцлоо.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр Геодези, зураг зүйн салбарт тулгамдаж буй асуудал, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага, Геодези, зураг зүйн салбарт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, хөтөлбөр, Салбарын хөгжлийн чиг хандлага, Геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байдал, чадавхийг дээшлүүлэх шаардлага, үнэлэмжийн талаар 7 илтгэл танилцууллаа.
Мөн Геодези, зураг зүйн салбарын хөгжлийг харуулсан үзэсгэлэн /хамгийн сүүлийн үеийн техник, технологийн шинэчлэлтийг багтаасан/ зохион байгуулагдаж салбарын бүтээгдэхүүн, үйл ажиллагааг Батлан хамгаалах, Байгаль орчин, Хөдөө аж ахуй, Барилга, Хот байгуулалт, Геологи, уул уурхай, Инженерийн дэд бүтцийн салбарт хэрхэн ашиглаж байгааг танилцуулахаас гадна нийтийн хэрэгцээнд зориулсан төрөл бүрийн газрын зураг, атласыг толилуулан харууллаа.
Геодези, зураг зүйн салбарын II зөвлөгөөнөөр “Төрөөс геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого"-ын баримт бичгийн төслийг танилцуулж, хэлэлцүүлсэн ба УИХ, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, Засаг дарга нарт Геодези, зураг зүйн тодорхой асуудлаар зөвлөмж хүргүүлэхээр боллоо.