Газрын бирж

Газрын тухай Монгол улсын хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, газар, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш, эрэлт хэрэгцээ, ханган нийлүүлэлтийг жигд тогтвортой байлгах, энэ талаарх мэдээллээр олон нийтэд үйлчилгээ үзүүлэх, газрын худалдаа, арилжааны таатай орчныг бий болгох зорилгоор Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас “Шонхор софт” ХХК-тай гэрээ байгуулан Газрын биржийн цахим програм хангамжийг 2015 онд боловсруулан хэрэглээнд нэвтрүүлээд байна. Системийн хаяг: www.mle.mn Газрын биржийг байгуулан ажиллуулснаар газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш, эрэлт хэрэгцээ, ханган нийлүүлэлтийг жигд тогтвортой байлгах, энэ талаарх мэдээллээр олон нийтэд үйлчилгээ үзүүлэх, мэдээллийг нээлттэй ил тод болгох, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлыг нэг цэгт төвлөрүүлж эрчимжүүлэх, Монгол улсын эдийн засгийн хөгжилд бодиттой дэмжлэг үзүүлэх, газраар дамжуулж иргэдийг хөрөнгөтэй болгох, ядуурлыг бууруулах ач холбогдолтой юм. Газрын биржийн цахим програм хангамжийг ашиглан газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, худалдаа, түрээс, барьцаа, зах зээлийн үнийн мэдээ цуглуулах үйл ажиллагаа нь цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай явагдана. Газрын цахим бирж нь веб хандалтат програм хангамж бөгөөд газрын албаны ажилтнуудын систем болон хэрэглэгчдийн хандах веб гэсэн 2 хэсэгтэй юм. Газрын цахим биржид бүх нийслэл, дүүрэг, аймаг, сумдын газрын мэргэжилтнүүд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, худалдаа, түрээсийн зар байршуулан, газрын барьцаа болон зах зээлийн үнийн мэдээний бүртгэл хөтлөн ажиллаж байгаа бөгөөд зарим аймагт газрын дуудлага худалдааг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан байна. Мөн нийслэлийн дүүргүүдийн нотариатч нар газрын зах зээлийн үнийн мэдээг оруулах чиглэлээр ажиллаж байна. Хэрэглэгчдийн хандах веб-д иргэд мэдээ, мэдээлэл унших, газрын худалдаа, түрээсийн зар оруулах, дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой юм. Хэрэглэгч системд бүртгүүлэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой бөгөөд бүртгэлгүй хэрэглэгчид мэдээлэл харах боломжтой юм.