Аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөл, хүзүүвчийн барилга ашиглалтанд орлоо

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулатори болон хэвтэн эмчлүүлэх хэсгийг холбосон “Хүзүүвч”-ийн барилгыг орон нутгийн төсөв болон “Самсунг Си Энд Ти” ХХК-ны 130.0 сая воны санхүүжилтээр “Цогт-Өлзийт” ХХК, “Roud development” ХХК шинээр барьж ашиглалтад орууллаа. Уг “Хүзүүвч”-ийн барилгад аймгийн Нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэл болон мэдрэл, нүд, өсвөр үеийн кабинетууд үйл ажиллагаа явуулна. Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид амбулаторт үйлчлүүлэхдээ гадуур тойрч бус тохилог дулаан барилга дотуур явж, цахим бүртгэлийн хэсэг өмнөх өрөөнөөсөө илүү том саруул зааланд орсон нь иргэд, үйлчлүүлэгчид, ажиллагсадын эрэлт хэрэгцээнд нийцсэн, цаг үеэ олсон үйл ажиллагаа боллоо. Нээлтийн арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын зөвлөлийн гишүүд, төслийг санаачлагч аймгийн Засаг дарга асан Д.Баярбат, “Самсунг Си Энд Ти” компаний төслийн удирдагч Ха Сен Юн, “Жи Эс Эс” төрийн бус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жу Хён Жү, захирал Н.Батдорж болон эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэд, үйлчлүүлэгчид нийт 200 гаруй төлөөлөгчид оролцлоо.

































