Монголын Үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лабораторийн барилгын ажил 65.8 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2023-09-19



Монголын Үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лабораторийн барилгын ажил 65.8 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллах үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамтаар Төв аймгийн Зуунмод суманд баригдаж буй археологи, угсаатны зүйн холбогдолтой үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, судлан сурталчлах, соёл, боловсрол, шинжлэх ухааны дэлхийн жишигт нийцсэн цогц байгууламжийн барилгын явцтай танилцлаа.
Барилгын ажлыг 2021 оны есдүгээр сард эхлүүлсэн. Энэхүү барилга нь 8200 м.кв талбайтай бөгөөд Япон улсын угсаатны зүйн музейн стандарттай нийцүүлэн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Мөн музей нь археологи ба угсаатны үзүүллэгийн хоёр жигүүртэй, 11 байнгын, 2 түр үзүүллэгийн танхимтай.
Археологийн хүрээлэнд өнөөдрийн байдлаар 8000 гаруй дэсийн 20 мянга гаруй үзмэр хадгалагддаг. Дээрх музей ашиглалтад орсноор археологийн хүрээлэнгийн үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэх, зориулалтын лабораторид олдворуудын нарийвчилсан судалгаа шинжилгээг аюулгүй хийх боломж бүрдэх юм.
Түүнчлэн Монголын Үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгыг нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт орших Манзушир хийд, “Майдар эко хот” төсөл, Мэргэн Тоньюкукын гэрэлт хөшөө, Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтыг түшиглэх Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг холбосон хот орчмын аялал жуулчлалын бүс болгох хэтийн зорилгод нийцүүлэн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
Уг музейн барилгын явц 65.8 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2024 онд улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Санал асуулга