Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем-ийн танилцуулга

2020-04-28

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тогтоолоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлж, улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр тогтлоо.

Уг тогтоолоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбоотойгоор холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, нэр бүхий төрийн захиргааны төв байгууллагууд, тэдгээрийн харьяа агентлаг, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон байна

Тухайлбал, бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэд, олон нийтийн оролцоог ханган боловсруулах, батлуулах, батлагдсан төлөвлөлтийн дагуу газрыг олгох, баталгаажуулах, улсын дундын мэдээллийн санд бүртгэх асуудлыг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Чөлөөт бүсийн захирагч нарт, ашигт малтмалын ашиглалт хайгуулын тусгай зөвшөөрөл, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу болон бичил уурхай эрхлэх зориулалтаар ашиглах талбайн мэдээллийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд тухай бүр нь бүртгэж байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасан бол Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн сүлжээний мэдээллийг хөрсний мэдээллийн сантай уялдуулан Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэж, холбогдох байгууллагуудад зохих мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг тогтмол хүргүүлэн ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарт үүрэг болгосон байна.

Мөн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын тооллого зохион байгуулах, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг үнэн зөв, бодитой, иж бүрэн мэдээ, мэдээллээр хангах, бүрдүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн бүх талын арга хэмжээг авч, холбогдох байгууллагуудыг системд нэвтрэх, ажиллах боломж нөхцлөөр хангах болон сургалт, мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга нарт, тус системийг бүрдүүлэх, хөтлөх, тогтвортой үйл ажиллагааг нь хангуулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нарт тус тус даалгасан юм.

“Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” нь газрын харилцааны цогц үйл ажиллагааг салбар бүрийн оролцоог ханган нэгдсэн стандарт, арга зүйгээр эрхлэх үндсэн чиг үүрэг бүхий байрлалд суурилсан (I), нэгдсэн стандарт бүхий өгөгдөл (II), дүн шинжилгээ хийх, боловсруулах цахим систем (III), өгөгдөл, мэдээллийг хадгалах, түгээх зориулалт бүхий техник хангамж (IV), мэдээллийг түргэн, шуурхай, найдвартай солилцох өндөр хурдны дэд бүтэц (V) зэргээс бүрдсэн нэгдсэн цахим систем юм.

Уг нэгдсэн цахим систем нь:

  • Төлөвлөлтийн;
  • Газрын биржийн;
  • Үнэлгээ, татвар, төлбөрийн;
  • Кадастрын;
  • Мониторингийн;
  • Хот байгуулалтын гэсэн өгөгдөл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээлэл түгээх зэрэг боломжуудыг багтаасан үндсэн цогц 6 цахим систем болон эдгээрт дэмжлэг үзүүлэх Геодезийн (I), Хаягийн (II), Суурь судалгааны  (III) гэсэн 3 мэдээллийн сангаас бүрднэ.

Мөн дээрх бүх мэдээллийг иргэд, олон нийт болоод аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх Геопорталыг үйл ажиллагаанд орууллаа.

  1. Төлөвлөлтийн цахим систем:

Газар зохион байгуулалт хот төлөвлөлтийн цахим систем нэвтэрснээр газар зохион байгуулалтын бүх шатны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг иргэд, олон нийтийн оролцоотойгоор, төрийн нэгдсэн удирдлага, хяналтан дор зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм. Мөн нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын төрийн болон төрийн бус байгууллагууд энэхүү системийг ашиглаж өөсрдийн салбарын орон зайн төлөвлөлтүүдийг бусад салбарын төлөвлөлтүүдийн уялдуулан хийх боломжтой.

Энэхүү систем нэвтэрснээр газрын харилцааны бүхий л асуудал зөвхөн газар зохион байгуулалтын төлөвлөлтөөр дамжин хэрэгжих нөхцөлийг бий болгох бөгөөд улмаар газрыг төлөвлөлтгүй, эмх замбараагүй олгож, газрын зөрчил, маргаан үүсгэж иргэдийн эрх ашгийг хохироох аливаа асуудалд цэг тавьхаас гадна, салбарууд хоорондын уялдаагүй байдлаас үүдсэн давхардсан төлөвлөлт, үргүй зардлыг бууруулж, газарт оруулж буй хөрөнгө оруулалтыг илүү эрсдэлгүй, баталгаатай болгож байгаа юм.

  1. Газрын биржийн цахим систем:

            Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах, газрын барьцаа, түрээсийн бүртгэл хийх, газрын зах зээлийн үнийн мэдээ цуглуулж нэгдсэн мэдээллийн сан бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээ, статистик мэдээллээр иргэд, олон нийтэд үйлчлэх, зорилгоор Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн.

Газрын биржийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө иргэн, хуулийн этгээд газрын эрхийн дуудлага худалдаанд оролцохын тулд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж буй Газрын алба, банк зэрэг байгууллагуудад заавал биеэр очиж үйлчлүүлэх шаардлагатай байсан бол тус систем нэвтэрснээр интернетэд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан хаанаас ч оролцох олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээг авах боломжтой болсон.

  1. Үнэлгээ, татвар, төлбөрийн цахим систем:

            Газрын суурь үнэлгээг олон хүчин зүйлийг харгалзан автоматаар тооцоолох, олон нийтэд нээлттэй болгох боломжтой Газрын кадастрын мэдээллийн санд суурилсан Газрын үнэлгээний системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ.

Газрын үнэлгээний систем нь нэгдмэл сангийн 6 ангилал тус бүрийн газрын суурь үнэлгээг үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлс болон газрын зах зээлийн бодит үнийг ашиглан автоматаар тооцоолох боломжтой юм. Тухайлбал: Хот суурин газрын үнэлгээг байгаль орчин, нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн гэсэн 18 төрлийн хүчин зүйлсийг харгалзан тооцоолж байна.

            Газрын үнэлгээний системийг Улсын хэмжээнд нэвтрүүлснээр дараах үр дүнд хүрсэн билээ. Үүнд:

  •         Олон улсад ашиглагддаг масс үнэлгээний арга зүйг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж Газрын үнэлгээний нэгдсэн арга зүй, аргачлалтай болсон;
  •         Газрын үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлсийн 39 давхарга мэдээллийн сан бий болсон;
  •         Газрын зах зээлийн үнийн найдвартай, үнэн бодитой мэдээллийн сантай болж, газрын зах зээлийн үнэ цэнэ болон газрын суурь үнэлгээг иргэд олон нийтэд нээлттэй ил тод болгосон;
  •       Газрын нэгдмэл сангийн 6 ангилал тус бүрээр үнэлгээ хийж, газрын суурь үнэлгээг тогтмол шинэчлэх боломж бүрдсэн. Өөрөөр хэвлэл Монгол улсын бүх газар нутаг үнэ цэнэтэй болох юм.
  1. Кадастрын цахим систем:

            21 аймаг, 330 сумын нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын Газрын бүртгэл, зураглалыг засварлаж, нэгдсэн стандартад оруулж, цаасан хувийн хэргийг материалыг тоон хэлбэрт шилжүүлж, байрлалд суурилсан Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд хэмжээнд нэвтрүүлэв.

Энэхүү системийг Улсын хэмжээнд нэвтрүүлснээр газрын бүртгэл, зураглалын алдааг бүрэн засварлаж, цаасан хувийн хэргийн материалыг цэгцлэх, цахимжуулах ажлыг хийж, нэгдсэн санд бүртгэж баталгаажуулсан бөгөөд албан хаагчдын хийж буй газрын бүртгэл нээлттэй, шат бүрд хяналттай болж, шийдвэр гаргагч нарыг бодит агшны мэдээллээр хангах боломжтой болсон.

Мөн Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийн нөөц хувилбарыг Үндэсний дата төвд байрлуулан “ХУР”, “ДАН” системд холбож, хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд дараах боломжуудыг бүрдүүлсэн юм. Үүнд:

  •          Иргэн, аж ахуйн нэгжүүд орон зай цаг хугацаанаас үл хамааран өөрийн газартай холбоотой буюу кадастрын зураг, гэрээ, гэрчилгээ, захирамж гэх мэдээллүүдийг QR кодоор баталгаажуулан цахимаар авах боломжтой болсон.
  •          Газрын кадастрын мэдээллийн сангийн хэрэглээнд Тоон гарын үсгийг нэвтрүүлэв.
  •          Бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох бүрэн боломжтой болсон бөгөөд газартай холбоотой сервес үйлчилгээнүүдийг Дата төвд нэгдсэн стандартын дагуу гаргаж, шууд холбогдох боломжтой болсон.

 

  1. Мониторингийн цахим систем:

Газрын төлөв байдал, чанарын мониторингийн цахим систем нь газрын харилцааны салбарын оролцогч талуудыг нийт нутаг дэвсгэрийг хамарсан өгөгдөл мэдээлэл, нэгдсэн арга зүйгээр хангах, харилцан мэдээлэл солилцож газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг эрт үед нь илрүүлэх, үнэлэх, доройтлоос урьдчилан сэргийлэх, газрыг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангах нэгдсэн цахим систем юм. 

Тус систем нэвтэрснээр газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч тухайн газартаа түүний нөхцөл, нөөцөд бүрэн тохирсон үйл ажиллагааг эрхэлж, газар хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, мэргэжлийн байгууллагууд газрын төлөв байдал, чанарын улсын болон захиалгат хянан баталгааны үйл ажиллагааг цахим хэлбэрээр гүйцэтгэж цаг хугацаа, зардал хэмнэх чухал ач холбогдолтой болсон.

 

Мөн төрийн өмчийн болоод иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчилж, эзэмшиж, ашиглаж буй газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтөд үзүүлэх хүний болон байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийг богино хугацааны давтамжтай тодорхойлж, түүнд тохирсон газар зохион байгуулалтын арга хэмжээг цаг алдалгүй, оновчтой авч хэрэгжүүлэх боломж бүрдлээ.

  1. Хот байгуулалтын цахим систем

Хот байгуулалтын кадастр гэж нутаг дэвсгэрийн ашиглалт, хүрээлэн буй орчны төлөв байдал, засаг захиргааны нэгж, инженер-геологийн нөхцөл, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хангамжийн түвшин, барилга байгууламж, хүн амын амьдрах орчны байр зүйн болон газарзүйн зураглал, мэдээллийн улсын нэгдмэл сан юм.

 

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан үүссэнээр хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үндэс бий болохын зэрэгцээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл үүсэж хот байгуулалтын үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж хяналт тавих,мэдээлэл авах,төрийн байгууллагууд хөрөнгө оруулалтыг үндэслэлтэйгээр төлөвлөх, эрэмбэлэх боломжтой болно.

 

Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тогтоол

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР