Төв аймагт шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн суурийг тавилаа

2020-04-10

Нийслэлчүүдийг сайжруулсан, шахмал түлшээр хангах хоёр дахь үйлдвэрийг нийслэлийн зүүн захад барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өнөөдөр үйлдвэрийн суурийг тавилаа. Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Нийслэлчүүдийг сайжруулсан, шахмал түлшээр анх удаа хангах ажил амар байсангүй. Олон хүний амь үрэгдлээ. Гэхдээ бид эхлүүлсэн ажлаасаа ухраагүй. Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш нийслэл рүү түүхий нүүрс тээвэрлэхийг хориглосон. Засгийн газрын гишүүд нийслэлийн гэр хороололтой танилцан, хотын дээгүүр ниссэн. Гэр хороолол маш том газрыг эзэлж тэлжээ. Шахмал түлш хэрэглэснээр бид энэ өвөл утааг 50 хувиар бууруулсан. Цаашид дахин бууруулна. Энэ үйлдвэрийг барих ажилд тусалж дэмжсэн Төв аймгийн Засаг даргад баярлалаа” гэв.

Энэ үйлдвэр ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад орно.

Одоогийн шахмал түлшний үйлдвэрийн түүхий эдийг Өмнөговь аймаг дахь Ухаа худгийн уурхайгаас авто замаар тээвэрлэж байна. ТТ-Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсноор түүхий эдийг төмөр замаар тээвэрлэх боломжтойг Ерөнхий сайд онцлов.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих газрыг сонгохдоо төмөр зам, авто зам, цахилгаан сүлжээ, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаанд үндэслэжээ.

Жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийн барилга, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм.

Шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор

  • Налайх дүүрэгт 1500-1700 шууд ажлын байр шинээр бий болно.
  • Нийслэлийн хорт  утаа 70-80 хувиар нэмж буурна.
  • Налайх дүүргийн хорт утаа 50-70 хувь буурна гэж тооцоолжээ.
Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР