ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ

2017-04-13

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

   

ГАЗРЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Газрын тухай хууль тогтоомж

2.1. Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2. Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна.

З дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "газар" гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг;

3.1.2. "газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;

3.1.3. "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;

 3.1.4. "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг;

3.1.5. "газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг;

 3.1.6. ”бэлчээр” гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг;

3.1.7. ”газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг;

3.1.8. “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг.

 4 дүгээр зүйл. Төрөөс газрын талаар баримтлах зарчим

4.1. Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:

4.1.1. Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх;

4.1.2. газар төрийн хяналт, хамгаалалтад байх;

4.1.3. газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;

4.1.4. газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;

4.1.5. хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх.

5 дугаар зүйл. Газар өмчлөгч

5.1. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.

5.2. Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно.

5.3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

6 дугаар зүйл. Газар эзэмшигч, ашиглагч

6.1. Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.

6.2. Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:

6.2.1. бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар;

 6.2.2. хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар;

 6.2.3. зам, шугам сүлжээний газар;

 6.2.4. ойн сан бүхий газар;

 6.2.5. усны сан бүхий газар.

6.3. Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.

6.4.Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно.

/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл. Газрын төлбөр

7.1. Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө.

7.2. Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно.

8 дугаар зүйл. Хилийн цэс, газар усны нэр, газар усны нэрийн болон газрын сангийн зураг

8.1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр хилийн цэс, газар усны нэрийн болон газрын сангийн зурагтай байна.

8.2. Хилийн цэс, газар усны нэрийг Улсын Их Хурал, газрын сангийн зургийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “Засгийн газрын эрх бүхий байгууллага” гэнэ/ тус тус батална.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн, газар усны нэрийн болон газрын сангийн зургийг тухайн шатны Засаг дарга, улсын хэмжээний иж бүрэн хувийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус хадгална.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.4. Хилийн цэсийн, газар усны нэрийн болон газрын сангийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.5. Газар усны албан ёсны нэрийг зөвхөн Улсын Их Хурал өөрчилнө.

8.6. Албан ёсны баримт бичиг болон арга хэмжээнд газар усны давхар нэр хэрэглэх, газар усны албан ёсны нэрийг монгол хэлнээс бусад хэлээр орчуулах, бусад хэлний дуудлагаар галиглан бичихийг хориглоно.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын газрын нэгдмэл сан, түүний үндсэн ангилал

9 дүгээр зүйл. Газрын нэгдмэл сан

9.1. Монгол Улсын хилийн доторх бүх газар нь өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран газрын нэгдмэл сан мөн.

9.2. Газрын нэгдмэл санг газар ашиглалтын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан ангилна.

10 дугаар зүйл. Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал

10.1. Монгол Улсын газрын нэгдмэл санг дараахь байдлаар ангилна:

10.1.1. хөдөө аж ахуйн газар;

 10.1.2. хот, тосгон, бусад суурины газар;

 10.1.3. зам, шугам сүлжээний газар;

 10.1.4. ойн сан бүхий газар;

 10.1.5. усны сан бүхий газар;

10.1.6. тусгай хэрэгцээний газар.

11 дүгээр зүйл. Хөдөө аж ахуйн газар

11.1. Хөдөө аж ахуйн газарт бэлчээр, хадлан, тариалан, атаршсан газар, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан бусад газар хамаарна.

12 дугаар зүйл. Хот, тосгон, бусад суурины газар

12.1. Хот, тосгон, бусад суурины газарт хот, тосгон, бусад суурины барилга, байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр болон нийтийн эдэлбэрийн газар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газар хамаарна.

12.2. Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна.

13 дугаар зүйл. Зам, шугам сүлжээний газар

13.1. Зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, зам тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна.

14 дүгээр зүйл. Ойн сан бүхий газар

14.1. Ойн сан бүхий газарт ой мод, загтай газар, модыг нь огтолсон талбай, ойн цоорхой, зурвас, ойг өсгөн үржүүлэхэд зориулсан, ой тэлэн ургах боломжийг хангахуйц газар хамаарна.

15 дугаар зүйл. Усны сан бүхий газар

15.1. Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, мөрөн, гол, горхи, булаг, шанд, мөнх цас, мөсөн голын эзэлж байгаа газар хамаарна.

16 дугаар зүйл. Тусгай хэрэгцээний газар

16.1. Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна:

16.1.1. улсын тусгай хамгаалалттай газар;

16.1.2. улсын хилийн зурвас газар;

16.1.3. улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар;

16.1.4. гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар;

16.1.5. шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай;

16.1.6. аймаг дундын отрын бэлчээр;

16.1.7. улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай.

16.1.8. бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай;

16.1.9. чөлөөт бүсийн газар.

16.1.10.цөмийн төхөөрөмж барих, ашиглах зориулалтаар олгосон газар.

/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

 16.1.11.бичил уурхайн зориулалтаар олгосон газар.

/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

 16.1.12.хилийн боомтын бүс.

/Энэ заалтыг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.2. Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16.3. Газрын нэгдмэл сангийн аль ч ангиллын газраас тусгай хэрэгцээнд авч болно.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Газрын харилцааны талаархи төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

17 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

17.1. Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 17.1.1. газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг тодорхойлох;

 17.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, концессын гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах;

 17.1.3. энэ хуулийн 16.1.1-16.1.4, 16.1.9, 16.1.12-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох;

/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.1.4. бүс нутгийг хамарсан олон улсын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох.

18 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

18.1. Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1. газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангах;

18.1.2. энэ хуулийн 16.1.5-16.1.8-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх;

18.1.3. улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох;

18.1.4. газрын бирж байгуулах, ажиллах журмыг тогтоох;

18.1.5. газар зохион байгуулалт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх болон газрын нэгдмэл сангийн тайлан эрхлэх, журмыг тогтоох;

18.1.6. энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох;

18.1.7. улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах.

19 дүгээр зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

 19.1. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

19.1.2. газрын нэгдмэл сангийн тайланг Засгийн газарт танилцуулах;

19.1.3.газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах, тэдгээрийн ажиллах журам, зааврыг батлан мөрдүүлэх;

19.1.4.газар зохион байгуулалт, газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд зориулсан хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;

19.1.5.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг батлах;

19.1.6.энэ хуулийн 16.1.2-16.1.9, 16.1.12-т заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох саналаа Засгийн газарт оруулах;

/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.1.7.улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үйл ажиллагаанд хяналт тавих;

19.1.8.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд дүгнэлт өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;

19.1.9.улсын хэмжээнд газрын кадастрын бодлого боловсруулах, үйл ажиллагааг удирдах;

19.1.10.газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газрыг тогтоох болон нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх асуудлыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх;

19.1.11. газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүрмийг батлах.

19.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.2.1 энэ хуулийн 16.1.1-д заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох саналаа Засгийн газарт оруулах;

19.2.2. газрын элэгдэл, эвдрэлийн зэрэглэл, цөлжилтийн төрөл, ангиллыг тогтоох, тэдгээртэй тэмцэх, нөхөн сэргээх аргачлал, заавар, журмыг боловсруулж мөрдүүлэх.

/Энэ зүйлийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх

20.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.1.1. газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх;

20.1.2. тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;

20.1.3. тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох;

20.1.4. бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах.

20.1.5.үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох.

/Энэ заалтыг 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

20.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.2.1. нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;

20.2.2. газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;

20.2.3. аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

20.2.4. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайн нэгжийн газрын нэгдмэл сангийн тайланг жил бүр хянан нэгтгэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх, дээд шатны Засаг дарга, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнах;

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.2.5. газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

20.2.6. газрын төлөв байдлыг илэрхий доройтуулсан нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн газрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

20.2.7. газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах;

20.2.8.аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.2.9. газар эзэмшигч, ашиглагч нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлснээс байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, гомдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулах хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.3.Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

21 дүгээр зүйл. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

21.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 21.1.1. Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах.

21.2. Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.2.1. хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж, дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хамт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.2.2. батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох;

21.2.3. нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;

21.2.4. хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах.

21.3. Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.3.1. сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх;

21.3.2. аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.

21.4. Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.4.1. аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх;

21.4.2. аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

21.4.3. энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.

21.5. Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.5.1. хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний төсөлд санал өгөх;

21.5.2. нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

21.5.3. энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.

22 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

22.1. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1. нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах;

 22.1.2. баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах;

 22.1.3. газар ашиглалт, хамгаалалтын талаархи Засаг даргын тайланг хэлэлцэх, дүгнэх.

22.2. Баг, хорооны Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.2.1. газрын тухай хууль тогтоомж, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаархи нийтлэг шаардлагын биелэлтийг хангуулах;

 22.2.2. дээд шатны байгууллага болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас газрын ашиглалт, хамгаалалтын талаар гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах;

 22.2.3. нутаг дэвсгэртээ нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт, хамгаалалт, эрүүл ахуй, ариун цэврийн асуудлыг хариуцах.

23 дугаар зүйл. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, эрх хэмжээ

/Энэ зүйлийн гарчигт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23.1. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумд газрын даамалтай байна.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23.2. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь эрх хэмжээтэй байна:

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23.2.1. газрын талаар Засгийн газраас баримтлах бодлогыг хэрэгжүүлэх;

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 23.2.2. /Энэ заалтыг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 23.2.3. улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах;

 23.2.4. улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх;

23.2.5. газрын тайланг жил бүр нэгтгэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах;

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23.2.6. Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах;

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23.2.7. газрын биржийн үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах;

23.2.8. улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх;

23.2.9. /Энэ заалтыг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

23.2.10. газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих;

23.2.11. газрын талаархи хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг тухайн шатны Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

23.2.12. газар зохион байгуулалтын талаархи мэргэжлийн боловсон хүчний бодлогыг эрхлэх, газар зохион байгуулалтын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;

23.2.13. газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах;

23.2.14.улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх;

/Энэ заалтыг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

23.2.15. газар зохион байгуулалт, газрын кадастрын судалгаа, шинжилгээний ажил эрхлэх;

23.2.16. энэ хуулийн 20.2.9-д заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шалгалт хийж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах.

23.2.17.газар зохион байгуулалт, газрын кадастр эрхлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх;

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

23.2.18. /Энэ заалтыг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

23.2.19. /Энэ заалтыг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

23.2.20. /Энэ заалтыг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

23.2.21. газрын төлөв байдал, чанарыг тодорхойлох, үнэлгээ өгөх, чанарын өөрчлөлтийг улсын хэмжээнд хянан дүгнэх үүрэг бүхий хяналт шинжилгээ /мониторинг/-ний сүлжээ ажиллуулах;

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

23.2.22. газрын төлөв байдал, нөөц, чанарын өөрчлөлтийг тодорхойлох, газар эзэмшигч, ашиглагчийн бүртгэлийг эрхлэх зорилго бүхий газрын нэгдмэл сангийн мэдээллийн сан, сүлжээг орчин үеийн техник, технологид тулгуурлан бий болгох.

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

23.3. Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:

23.3.1. аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулах;

23.3.2. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайн нэгжийн хилийн цэсийг тодотгох, өөрчлөлт оруулах талаар гарсан саналыг зохих журмын дагуу боловсруулах;

23.3.3. газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх;

23.3.4. газрын тайланг зохих журмын дагуу гаргаж Засаг даргад тайлагнах;

23.3.5. нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах;

23.3.6. тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамал, дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх;

23.3.7. Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;

23.3.8. газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах.

23.4. Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:

23.4.1. сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах;

23.4.2. Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;

23.4.3. эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;

23.4.4. газрын мэдээллийн санг эрхлэх;

23.4.5. газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах.

23.5. /Энэ хэсгийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын нэгдмэл сангийн тайлан

24 дүгээр зүйл. Газар зохион байгуулалт, түүний санхүүжилт

24.1. Газар зохион байгуулалт нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, газар зүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор арга хэмжээ мөн.

24.2. Газар зохион байгуулалтын арга хэмжээг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.З. Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээг Засгийн газар тогтооно.

24.4. Газар зохион байгуулалт хийх тухай Засгийн газар, түүний эрх бүхий байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй.

24.5. Газар зохион байгуулалтын үйл ажиллагааг дараахь журмаар санхүүжүүлнэ:

24.5.1. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс тогтоох, өөрчлөх, улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс нутгийн хөгжлийн төлөвийг тодорхойлохтой холбогдсон газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг улсын төсвөөс;

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.5.2. аймаг, нийслэл, сум, дүүрэг, хот, тосгон, бусад суурины газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг орон нутгийн төсвөөс;

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР